Индэр    
2023 оны 9 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Т.Пүрэвтүвшин: Халзан бүрэгтэй төслийг барууны орнуудтай хамтран хэрэгжүүлэх нь чухал. Газрын ховор элементийг мөнгө гэж харах нь буруу

Зураг

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын өнөөгийн нөхцөл байдлын талаар төслийн удирдагч Ц.Пүрэвтүвшинтэй ярилцлаа. 

- Танд өдрийн мэнд хүргэе. Халзан бүрэгтэй төслийн талаар танилцуулна уу? 

- Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт байрладаг. Манай төслийн анхны хайгуул 2013 онд хийгдсэн. Энэхүү хайгуулын үр дүнгээр 2015 онд нөөц нь тогтоогдож эрдэс баялгийн санд бүртгэгдсэн. 2018 онд техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ батлагдсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард ТЭЗҮ-ийн тодотгол нь батлагдсан юм.

2013 оны судалгаагаар Хазлан бүрэгтэй орд нь эдийн засгийн үр өгөөж багатай гэх дүгнэлт гарсан. Тиймээс манай төсөл 2021 он хүртэл зогссон юм. Учир нь Австралийн "Lynas" компанийн "Mount Weld" орд нь найман хувийн, АНУ-ын MP Materials орд нь 4-5 хувийн газрын ховор элементийн агуулгатай байдаг.

Гэтэл Халзан бүрэгтэй орд 0.4%-ийн газрын ховор элементийн агуулгатай байна. Үүнийг яаж үр ашигтай болгох вэ гэдэг асуудал бидэнд тулгарсан. 

Засгийн газрын "Шинэ сэргэлт" бодлогод газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө багтсан. Тиймээс 2021 онд Мянгад сумын иргэдтэй төслийнхөө талаар танилцуулга уулзалт хийж эхэлсэн.

2022 оны хавраас зөвшөөрлөө батлуулж, тухайн оныхоо аравдугаар сараас хайгуулын ажлаа эхлүүлсэн. Нэг сарын дараа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч үйл ажиллагаа зогссон. Үүний дараа 2023 оны нэгдүгээр сард шинэчилсэн төлөвлөгөө баталж, иргэдэд зөв мэдээлэл хүргэхээр ажиллаад явж байна. Одоогоор хайгуулын ажил явагдаж байгаа. 

- Алт, зэс, нүүрсний талаар иргэд тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Харин газрын ховор элемент гэж юу вэ? 

- Газрын ховор гэх ангилалд 17 төрлийн элемент багтдаг. Алт, зэс, нүүрс нь бие даасан элемент учир боловсруулах, ялган авахад хялбар байдаг. 

Дэлхийд өргөн хэрэглэгдэж буй газрын ховор элементийг хүнд болон хөнгөн гэж хоёр ангилдаг.

  • Хөнгөн ангилалд ниодим, празеодим гэсэн элемент багтана. Энэ хоёр элемент нь цахилгаан дамжуулдаг бөгөөд байгалиасаа өндөр хэмжээний соронзтой металл юм. Үүнийг цахилгаанаар эргэдэг бүхий л зүйлд ашиглаж байна. Жишээлбэл машин, онгоц, утас гэх мэт.  
  • Хүнд ангилалд диспрози болон терби гэсэн элемент багтдаг. Энэ нь магнетик чанар өндөр, халуунд тэсвэртэй. Тиймээс өндөр температурт тэсвэртэй байдлыг бий болгохын тулд пуужин, нисэх онгоц гэх мэт зүйлсэд ашиглаж байна. 

Дээрх элементүүдийг дэлхийд Япон, БНХАУ гэсэн хоёр улс л салгаж, эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа. Хятад улс нь газрын ховор элементийг ухахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг. Харин Япон нь ислээс газрын ховор элементийг салган эцсийн бүтээгдэхүүн болгож бүх төрлийн соронз үйлдвэрлэж байна. 

"Дэлхийд 2040-2050 онд газрын ховор элементийн хэрэглээ өснө"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлана уу? 

- БНХАУ 2013-2014 онд газрын ховор элементийн 90 хувийг экспортолдог байсан. Тухайн үед нийлүүлэлтийг хангах зорилгоор Өмнөд Америк, Африк, Австрали, АНУ-д газрын ховор элементийн уурхайнууд ашиглалтад орж эхэлсэн. Ингэснээр БНХАУ-ын нөлөөлөл харьцангуй буурсан гэж болно. 

Зах зээлийн ханш 2013-2020 он хүртэл маш уналттай байсан. Харин 2020 оноос барууны улс орнууд газрын ховор элементэд анхаарч эхэлсэн учир буцаад сэргэсэн. 2022 онд зах зээл хамгийн өндөр таазандаа тулсан. Одоогоор 2022 оны өсөлтөөс 50 гаруй хувийн уналттай явж байна. 

Барууны орнууд газрын ховор элементийн тогтвортой ханган нийлүүлэлт бий болгоход анхаарч эхэлсэн. Дэлхийд 2040-2050 онд газрын ховор элементийн хэрэглээ өснө гэж байна.

Гэхдээ маш олон төсөл эхэлсэн явж байгаа. Тэр төслүүд 2025 он хавьцаа зэрэг ашиглалтад орно. Үүний нөлөөгөөр нийлүүлэлт нь ихэсвэл газрын ховор элементийн үнэ буцаад унаж магадгүй. 

Манай улс газрын ховор элементийн тухай баримтлах бодлого зөв тодорхойлох хэрэгтэй байна. Баяжуулах уу, исэл гаргах уу гэдгээ бодлогоороо зохицуулах хэрэгтэй. Цахилгаан их зарцуулдаг учир салгах технологийг Монголд оруулж ирэх боломжгүй. 

Халзан бүрэгтэй төслийг ойрын 4-5 жилийн хугацаанд ашиглалтад оруулбал манай улсад ашигтай байх магадлалтай гэж үзэж байгаа. 

- Халзан бүрэгтэй төсөл одоогоор ямар үе шатандаа явж байгаа вэ? 

- Энэ жил доошоогоо 11 мянган тууш метр өрөмдөх төлөвлөгөө дуусах гэж байна. Хайгуулын ажил 90 хувьтай байгаа бөгөөд хоёр долоо хоногийн ажил үлдсэн. Хайгуулын ажлын тайлан ирэх жилийн зургаадугаар сард гарах байх. Түүний дараа цаашдаа хийх ажлын төлөвлөгөө гарна. 2024 онд ямар нэгэн хайгуулын ажил хийгдэхгүй. 

Монголын хэмжээнд газрын ховор элементийн зургаан орд байдаг. Одоогоор бүх орд хайгуулын шатандаа явж байгаа. 

- Халзан бүрэгтэй ордод ямар нэр төрлийн газрын ховор элементүүд байгаа вэ? 

- Урьдчилсан байдлаар диспрози болон терби, ниодим, празеодим гэсэн дөрвөн элементийг гаргаж авна. Халзан бүрэгтэй ордод бүх төрлийн газрын ховор элемент байгаа. Гэхдээ бүгдийг нь гаргаж авах боломжгүй.

Эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн дээрх дөрвөн элементийг л гаргаж авах технологийг боловсруулж байна. 

"Монголд газрын ховор элементийг баяжуулах, исэл үйлдвэрлэх боломж байгаа"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд газрын ховор элемент олборлох арга технологи нууцын зэрэглэлтэй. Газрын ховор элементийн судалгааны төв 2026 онд ашиглалтад орно гэж байна. Тэгэхээр танай төсөл дээрх дөрвөн элементийг ямар аргаар олборлох вэ? 

- Уул, уурхай маш олон үе шаттай. Уурхайг ухах буюу олборлох нь хамгийн эхний үе шат. Дараа нь баяжуулах буюу баяжмал үйлдвэрлэх юм. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал зардаг. Газрын ховор элементийг баяжуулах арга, технологи нууц биш. Дэлхийн ихэнх уурхайнууд газрын ховор элементийн баяжмал экспортолдог. 

Харин исэл доторх газрын ховор элементүүдийг салгах нь нууц арга технологи юм.

Баяжмалыг цааш нь исэлдүүлэх буюу оксид болгох арга нь нууц биш. Австрали, Вьетнам, АНУ-д газрын ховор элементийг исэл болгох ажлыг хийж байна. Исэл гэдэг нь 90-95 хувийн агуулгатай, нунтаг цагаан өнгөтэй химийн биет юм. 

Энэхүү 90-95 хувь дотор газрын ховор элементүүд тодорхой хувь хэмжээгээр агуулагдаж байдаг. Түүнийг лабораторийн шинжилгээгээр ямар элемент хэдэн хувийг эзэлж байгааг тодорхойлдог. 

Харин исэл доторх газрын ховор элементүүдийг салгах арга технологи нь нууц юм. Өнөөдрийн байдлаар БНХАУ, Япон, Энэтхэг, Солонгос, Вьетнамд ислээс газрын ховор элементийг нууц аргаар салгаж байгаа. 

Манай улсад газрын ховор элементүүдийг салгах боломжгүй. Салгах шаардлага ч байхгүй. Ерөнхийдөө салгана гэдэг нь зэсээр яривал зэсийг хайлуулах үйлдвэр барина гэсэн үг. 

Бидэнд газрын ховор элементийг баяжуулах, исэл үйлдвэрлэх гэсэн боломж байгаа. Тиймээс манай улс газрын ховор элементийг салгах уу, исэл үйлдвэрлэх үү гэх мэт бодлогоо тодорхой болгох шаардлага үүсээд байна. 

- Халзан бүрэгтэй төсөл гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа вэ? 

- АНУ, Япон, Австралийн хөрөнгө оруулагчдад төслийг танилцуулж, хамтран хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ гаднын хөрөнгө оруулагчид татвар, цахилгаан, иргэдийн хандлагыг асууж байгаа. 

- Танай төсөл Монгол Улсад хэр хэмжээний эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ? 

- Нөөц тогтоосны дараах ТЭЗҮ хийх ажил явагдана. Урьдчилсан байдлаар 30-40 жилийн хугацаанд төсөл уурхайн үйл ажиллагаагаа явуулна. 500-600 ажлын байр бий болно.

Газрын ховор элемент нь зэс, алт шиг хэдэн тэрбум ам.долларын яригдах зах зээлтэй биш. Гэхдээ улсдаа хууль тогтоомжийн дагуу татваруудаа төлнө. Ер нь орон нутагт дорвитой төсөл болох байх. 

Өнөөдрийн байдлаар манай улс тоотой хэдэн байгалийн баялгийг олборлож байна. Тиймээс газрын ховор элемент, уран хоёрыг нэмж, байгалийн баялгаа төрөлжүүлэх шаардлагатай. Ашигт малтмалуудын үнэ нэг өдөр бүгд унахгүй, ээлж дараатай явна. 

Газрын ховор элементээр Эрдэнэт, Оюу толгой шиг томоохон ашиг олохгүй ч гэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох нь манай улсын стратегид чухал юм. Халзан бүрэгтэй төслийг барууны орнуудтай хамтран хэрэгжүүлснээр манай орны стратегийн бодлогын хувьд чухал асуудал. Газрын ховор элементийг мөнгө гэж харах нь буруу. 

- Халзан бүрэгтэй ордыг 1.2 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй хэмээн салбарын сайд танилцуулсан. Төслийн удирдагчийн хувьд тус ордын нөөцийн талаар ярина уу? 

- Байгалийн баялгийн нөөцийг тав ангилдаг. Халзан бүрэгтэй орд нь байж болзошгүй буюу хамгийн бага ангилалд багтдаг учир нөөц нь 1.2 сая тонноос доошлох магадлалтай. 

Манай улсад эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ашиглах боломжтой гэсэн ангилалд багтах газрын ховор элементийн орд бараг байхгүй. 

- Халзан бүрэгтэй ордоос жилд хэдэн тонн газрын ховор элементийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай вэ? 

- Манай ордын газрын ховор элементийн агуулга нь 0.4 хувьтай байгаа. Гэтэл гаднын уурхайнууд 0.8-5 хувийн агуулгатай хүдрээс 20-30 хувийн баяжмал үйлдвэрлэдэг. 

Халзан бүрэгтэйн ордын 0.4 хувийн агуулгатай хүдрээс 5-8 хувийн баяжмал гарахаар байгаа. Энэ тоог яаж 10 хувь руу оруулах вэ гэдгийг судалж байна. 

Урьдчилсан байдлаар манай төсөл 40-50 сая тонн хүдэр ашиглах боломжтой . Эрдэнэт үйлдвэр жилд 38 сая тонн хүдэр боловсруулдаг. Тэгэхээр Халзан бүрэгтэй орд Эрдэнэт үйлдвэрийн нэг жилд боловсруулах хүдрийн хэмжээг 15 жилийн турш ашиглана. 

"Манай уурхайгаас гарах дөрвөн газрын ховор элемент нь цацрагт идэвхт бодис биш"

зураг
 
Зургийг Халзан Бүрэгтэй төслийн цахим хуудаснаас авав.

- Олон нийтийн сүлжээгээр танай хайгуулыг уран олборлож байна гэх мэдээлэл явж байсан. Мянгад сумын иргэдтэй хэрхэн хамтарч байгаа вэ. Хайгуулаас илүү нутгийн иргэдэд газрын ховор элементийн талаар зөв мэдээлэл өгөх нь хүндрэлтэй байгаа болов уу? 

- Анх очиход нутгийн иргэд ямар ч ойлголтгүй, уран олборлох талаар л ярьж байсан. Мянгад сумын бараг бүх иргэн манай төслийн талбай дээр ирсэн. Юу ч гэсэн байсан ухаагүй, хайгуул хийж байгааг ойлгосон байх.

Газрын ховор элементэд ураны агуулга тодорхой хэмжээгээр байдаг. Гэхдээ үүнийг дэлхий даяар цацрагт идэвхт бодис гэж үзэхгүй байгаа. Цацрагт идэвхт бодист уран, тори багтдаг. Уран нь эдийн засгийн эргэлтэд ордог бол тори нь энерги багатай учир хаягддаг. 

Халзан бүрэгтэй ордоос гарах дээрх дөрвөн элемент нь цацрагт идэвхт бодис биш. Бие даасан тусдаа элементүүд юм. Монгол Улсын цөмийн энергийн тухай хуульд цацрагт идэвхт бодист уран, тори орно гэж заасан. Газрын ховор элементийг нөлөөллөөс нь хамаараад тус хуульд оруулж тооцож болно гэж байгаа. 

Шинэ хуулиар газрын ховор элементийг салгаж тодорхойлох ёстой. Газрын ховор элементийг дэлхийд мөрдөгдөж буй энгийн ашигт малтмал гэж авч үзэх хэрэгтэй. Хэрэв цацрагт идэвхт бодис гэж үзвэл манай улс тээвэрлэж, олборлож чадахгүй, стандарт нь хамаагүй өндөр тавигддаг. 

Манай ордод уран тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ эрүүл аюулгүй, орчинд амьдралд халдах хэмжээнд байхгүй. Үүнийг бүх төрлийн судалгаа шинжилгээ хийж тогтоосон. 

Монголчууд "Зөөгч-Овоо" гэх ураны ордыг ашиглаж байгаа. Халзан бүрэгтэй нь ураных биш газрын ховор элементийн орд юм. 

Мянгад суманд анх очиход нутгийн бус өөр аймгаас ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ирж жагсдаг байсан. Янз бүрийн ТББ-ууд ирж нутгийн иргэдийг турхирдаг. Одоо хүртэл иргэдэд зөв суртал ухуулгыг хийж байгаа. 

- Засгийн газар иргэдээс санал авах хүртэл танай хайгуулын ажлыг зогсоож буйгаа зарласан. Манай улс газрын ховор элементийг яаж ашиглах бодлогоо тодорхойлоогүй байгаа гэсэн. Энэ асуудлууд дээр танай компанийн ямар байр суурьтай байна вэ? 

- Манай төсөл газрын ховор элементийн салбарт дотооддоо хамгийн амжилттай явж байгаа. Шинэ салбар учир бэрхшээл их байна. Газрын ховор элементийн чиглэлээр олон жил ажиллаж байгаа учир иргэдийг зөв мэдээллээр хангах асуудалд онцгой анхаардаг. 

Төр засаг иргэдтэй уулзаад та нар дэмжээрэй гэвэл дэмжих нь ойлгомжтой. 

Гэхдээ иргэдэд зөв ойлголт өгөх гэдэг зүйлийг зөвхөн хувийн хэвшил хийж чадахгүй. Төр засгийн зүгээс бидэнтэй хамтран ажиллаж, иргэдэд зөв мэдээлэл өгөх боломжтой. 

Зөвхөн хувийн хэвшил дугарвал чи компаниа өмөөрлөө гэх ойлголтыг төрүүлдэг. Эцэст нь иргэд төр засгаас хортой, хоргүй, ашиглах эсэхийг асуудаг.

Иргэдийн дунд газрын элементтэй холбоотой танин мэдэхүйн ойлголт дутмаг байдаг. Төр засаг иргэдтэй уулзаад та нар дэмжээрэй гэвэл дэмжих нь ойлгомжтой. 

Жишээлбэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг иргэд дэмжихгүй байгаа. Гэхдээ төр засгаас бодлогоо баримтлаад ажлаа явуулж л байна. 

- Өнөөдрийн засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр танай төслийн гаргасан таван зөрчлийг ярилаа. Энэ асуудалд төслийн удирдагчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ? 

- Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд төслийн талбай дээр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг ажилласан. Зөрчил гарч, төслийн үйл ажиллагааг хязгаарласан нь үнэн. Гэхдээ манай төсөл зөрчлийг арилгаж үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. 

Даан ч Мянгад сумын ИТХ шийдэж чадахгүй байна. 

Жишээлбэл төслийн талбай дээр гүний ус ашигласан гэх асуудлыг ярьсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ховд голоос ус зөөх төлөвлөгөөтэй хайгуулын ажил эхэлсэн. Гэтэл гол бохирдуулсан, зам заасан гэх мэт асуудал яригдаж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. 

Орон нутгийн удирдлагууд голоос ус авч хэрэггүй гэсэн шаардлага тавьсан. Төслийн зүгээс дөрөвдүгээр сард орон нутгаас худаг гаргах зөвшөөрөл авч ажлаа үргэлжлүүлсэн. 

Гэхдээ сайдын ярьж буй таван зөрчлийг тавдугаар сарын 22-нд арилгаад УУХҮ-ийн яам руу албан бичиг явуулсан. Хууль зүйн хувьд бол зөрчил арилсан бол үйл ажиллагаа явах ёстой. Үүнээс хойш манайд маш олон шалгалтын баг ирсэн. 

Мөн ашигт малтмалын тухай хуулиар орон нутагтаа гэрээ байгуулах ёстой. Орон нутаг руу хамтран ажиллах саналыг энэ оны нэгдүгээр сарын 3-нд явуулсан. Даан ч Мянгад сумын ИТХ шийдэж чадахгүй байна. 

- Халзан бүрэгтэй орд малтлагын ажил эхлүүлбэл жилд хэр хэмжээний цахилгаан шаардлагатай болох вэ? 

- Анхан шатны тооцооллоор жилд гурван сая тонн хүдэр боловсруулна гэвэл ямар шатны үйлдвэр барихаас хамаарна. Баяжмалын үйлдвэр 15-20 мега ватт, исэл үйлдвэрлэвэл 20-30 мега ватт цахилгааныг нэг жилд хэрэглэх байх.  

Ховд аймаг нэг жилд 40 мега ваттын цахилгааныг хэрэглэдэг гэсэн. Манай төсөл бараг нэг аймгийн хэмжээний цахилгаан хэрэглэхээр байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол манай төсөл баяжмал, ислийн үйлдвэр барих боломжтой.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь жилд 90 мега ватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. түүнээс 40-50 мега ваттаар орон нутгийг хангана. Харин үлдсэн цахилгаанаар нь газрын ховор элементийн үйлдвэрийг хангах боломжтой. 

Одоогоор манай төслийн хайгуулын талбай цахилгаангүй байгаа. Төслийн талбайд зургаан туслан гүйцэтгэгч компанийн 60-70 гаруй ажилтан дизель түлшээр цахилгаанаа шийдээд хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. 

- Танай төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийгдсэн үү? 

- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг уурхай эхлэхээс өмнө батлуулах ёстой байдаг. Энэхүү бичиг баримтыг хайгуулын явцад батлуулах шаардлагагүй. Учир нь хайгуул хийх явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага юм. 

Гэхдээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг ТЭЗҮ-тэй зэрэгцүүлж олон улсын стандартын дагуу хийх гэж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн хайгуулын ажил явагдаж байна. Уурхайн үйл ажиллагаа эхэлж малтлагын үе шатанд очих болоогүй. 

- Ярилцсанд баярлалаа. Халзан бүрэгтэй төсөлд нь амжилт хүсье. 

- Баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа